Дорждамбын Баттогтох... энэ хүний шүлгийг арван жилийн жаахан охин байхдаа л хаа нэгтээгээс олж уншсанаа оюутан болсон хойноо л оноож мэдсэн юмдаг. Хожим нь түүний “Сарны охин”-ыг дээд курсээс ирсэн ангийнхаа охины амнаас сурч ангийнхан маань хоороор уншдаг байлаа. Нэгдүгээр курст их дурлана аа... Дан охидууд... өөрсдөдөө зориулж уншина.
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
гэж ирээд л урт урт модон ширээн дээрээ суух нь сууж зогсох нь зогсож байгаад авч өгдөг байсан. Тэр үед “Сарны охин” мэт өөрсдийгөө төсөөлөөд саран дээр амьдрах сайхан байдаг байж. Одоо ч би түүний саран дээр хааяахан очих дуртай.
Энэ зурагнаас түүний улаан хацар нь маш сайн харагддаг юм. Өөрснөө хөдөөнөөс ирээгүй юм шиг л анх хараад ямар хөдөө царайтай, хөөрхөн улаан хацартай ах вэ? Яг л манай хэн шиг. Учир нь бидний нэг найз маань бүр ч илүү улаан хацартай байсан болохоор тэгж янзыг нь үздэг хэрэг. Ингэж түүний уран бүтээлийн зах зухаас нь амтархаж ахиад цааш нь шунаж байсан ч тэр үед санааны зоргоор олон шүлэг олддоггүй...
Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай...
Юм бүхэн гунигтай өдөр хүн бүхэнд байдаг үгүйг би мэдэхгүй юм. Надад бол тийм өдөр байдаг л юм. Түүний шүлэг бүхэн гуниг, гуниг... дандаа гунигтай байдаг хэрнээ хэзээ ч хар бараан сэтгэл, ул мөр үлдээдэггүй юм. Андынх нь дурссанаар хацрынхаа улаан туяаг мөрөн дээрээ асгартал инээж явдаг Тогтохоогийн уй гуниг нь хүртэл гэгээн, зөөлөн. 90 оны эхэн үеийн их өөрчлөлтийн үед Монголын яруу найрагт харамсал, гуниг гэдгийг арай өөрөөр, уянгын гунигийг түгээн дэлгэрүүлсэн гэж хойч үе дурсаж, дүгнэж болох юм. 26-хан насандаа хорвоогоос явсан түүний хойноос дурсамжийн зул асаах анд нөхөд нь зөвхөн сайн сайхныг хүүрнэдэг. Тэдгээрийн дундаас яруу найрагч, хатагтай Өлзийтөгс түүнд зориулан
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад явъя
гээд л түүний торгон мэдрэмжийг Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад... Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад... өөрийнх нь өмнөөс харуусан мэдэрч чадсан байдаг юм аа. Хувь заяа хатуу хандсан ч Тогтохоо гэрэлтэн гэрэлтсээр л явсан, гэрэл ассаар л байна. Амьдралд хоргодож, амьдралыг үнэлж, амьдын сайн сайхныг уран бүтээлдээ шингээчихээд одсон нь шүлэгнээс л мэдрэгддэг. Тэр ийм эрт явах байсан учраас л энэ амьдралыг ингэтлээ их хайрлаж,
Нисэн өнгөрөх шувуу шиг
Нэгэн намрын навчис шиг
Нимгэн хувцастай биенд чинь нэг л удаа хүрэх шиг
Нэрийг минь хэлэх шиг, хацар дээр нь үнсэх шиг
Амьдралаа гэж...
Аньсны төгөл улаарах шиг
Алган дээр минь унах шиг
Би түүнийг амтлах шиг
Дэндүү сайхан юм аа
тэгтлээ нарийн мэдэрч чаддаг байж. Өчүүхэн зүйлийг хүртэл үл анзаарахгүйгээр өнгөрдөггүй байж...
Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлийн нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын би ширэг зүлгэн дээр цайрах
Зуны сайхныг би мэднэХайлган намраар цас орж бодол хайрлах
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх
Намрын сарын гунигийг би мэднэ
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух
Өнжин хүлээсэн ижий минь малаас ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах
Хаврын сарын зөөлнийг би мэднэ
Бүхэл насаараа нэг хүнд дурлах
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ ингэж саран дээр орших
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах
Орчлонгийн сайхныг би мэднэ.
/Орчлонгийн сайхныг би мэднэ/
Одоо харин түүний “Шилдэг шүлгүүд” хэвлэгдэн гарлаа. Хөөрхөн Тогтохоогийн олдоггүй шүлгүүдийг хүссэнээрээ унших боллоо. Хүмүүст бас энэ боломжийг олгож шүлгүүдээс дор хуулан бичив. Хоёр дахь ном нь ч бас зулай гишгэн хэвлэгдсэн. Дараа хоёр дахь номын шүлгээс хуулан хүргэх болно оо. Уншаад байгаарай!
*** *** ***
Сарны охин
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм
Чи миний сэтгэлд тооноор унас цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон
Гараас чинь атган одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгасан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.
1990.09.29
*** *** ***
Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу хэмээх бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний агаар мэт сэтгэл өд унах чимээ мэдэрнэм
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимснээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр
*** *** ***
Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай
Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай
Ижийн минь хийж өгсөн дээлийн өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь дүр санаанд бүдгэрэх нь гунигтай
Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өвсний чимээ ч гунигтай
Үүлс гунигтай
Үүлэн завсраар сиймийх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай
*** *** ***
Үхэл хэмээх ёрыг зөгнөн зэвхий, хувхай сарны гэрэл цонхны цаана хэвтэнэ
Үйлийг минь барж шалиг хүүхэн шиг шөнийн шар бодлууд тархинд минь эргэлдэнэ
Үүднээс хоймор хүртэл хав харанхуй чихэлдэж аньсага зовхи үл багтана
Үдийн нарны тухай шүлэг бодож хэвтэх байтал үхэл хэмээх новшийг хүлээж гансарна
*** *** ***
Хаврын өдрүүд
Торхтой усанд минь тогорууд зэллэсэн хаврын өдрүүд
Тоонот гэрийг минь нар хэссэн цоорын аялгуу шиг бүлээхэн өдрүүд
Дээрээс асгасан нарны цацраг алтан бороо сэтгэлд шингэсэн
Дээлийн минь өнгө шиг дулаахан царайт хүмүүс
Толгод дамжиж дуулсан үдшийн бүүвэй, тойг тойг дуулсан хаврын өдрүүд
Томоогүй үг чихэнд минь шивнэсэн зүүдний ч юм шиг гэмгүй өдрүүд
Бууж үдлээгүй алжаалаа тээсэн хаврын чимээ усан салхи
Буулгандаа тахиулсан тэрэгний шар шиг ганц хоёроор гэлдрүүлэх хаврын өдрүүд
*** *** ***
Энэ шүлгийг уншихаар эмзэглэл төрдөг юм.
Тогтохоо хар багадаа ижийгээ алдсан юм
гэнэлээ.
Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг![]()
Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэгээ туссан газарт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд уйлж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий болоод тэнгэрт гарчихсан юм.
Хав харанхуй шөнөөр үүлч тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм.
Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртсээр унтаж хэвтсэн юм
Харгана бударгана хатгаж ганцхан сартай нялх амьтдыг уйлуулаад байхаар
Хадаг шиг зөөлөн өвс ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан гэмийг минь сануулаад
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм.
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайш уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: